Ж.Оюунбаатар: Ноолуурын асуудал их харамсалтай зүйл боллоо. Сайныг нь 65 мянга, хялгастайг нь 40, 30 мянган төгрөг хүртэл буулгаж авсан

2020-05-31 0

Хэнтий аймгийн Засаг дарга асан  Ж.Оюунбаатартай ярилцлаа.

-Та аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үр дүнд хүрсэн, одоо ч үнэ цэнэтэй хэвээр байгаа ажлаасаа дурдахгүй юу?

-Би 2012- 2016 онд  Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллахдаа аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх гол асуудлуудыг зорилт болгож ирсэн. Аймгийн Засаг даргын ажлыг хийсэн шиг хийе, ард түмнийхээ үнэлэмжид хүрч ажиллая гэж аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө бүхнээ зориулж, үнэнч шударгаар зүтгэсэн. Хэнтий аймаг маань хөгжил дэвшил бүтээн байгуулалтын хувьд ихээхэн амжилтад хүрсэн. Бодлогын чиглэлийн олон хөтөлбөрийг хэрэгжүүлсэн маань алсуураа хүн ардад өгөөжөө өгч байлаа. “Эрүүл чийрэг Хэнтийчүүд”, “Эрдэм боловсролтой Хэнтийчүүд”, “Ажилтай орлоготой Хэнтийчүүд”, “Аюулгүй орчинтой Хэнтийчүүд”, “Архигүй Хэнтийчүүд”, “Цахим Хэнтийчүүд” гэх мэт олон хөтөлбөрийг дурдаж болно. Тухайн үед энэ ажлууд улсын хэмжээнд үлгэр жишээ болж байлаа.

Хамгийн бодитой хэрэгжсэн нь “Мянган айлын орон сууц” хөтөлбөр. Улсын төсвөөс мөнгө авалгүй, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр дөрвөн жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлэн 1052 айлын орон сууц барьсан. Өмнө нь Хэнтий аймаг 500 орчим айлын орон сууцтай л байсан. Эхлээд 2012, 2013 онд барилгын материалын үйлдвэрлэлийг Хэнтий аймагт түлхүү хөгжүүлсэн. Нөгөөтэйгүүр барилгын компаниудаа дэмжсэн шийдвэр, уриалгуудыг гаргасан. Барилгын компаниуд ямар нэгэн хүнд сурталгүйгээр ногоон гэрлээр орон нутагт бүтээн байгуулалт хийх нөхцөл бололцоог хангаж өгсөн гээд олон талын ач холбогдолтой хөтөлбөр болсон.

-Иргэдийн амьдрах орчинг сайжруулж, бизнесийг нь дэмжиж, ажлын байрыг бий болгосон байна. Төсвийн мөнгө оролцуулалгүйгээр хийж бүтээсэн гэсэн үг үү?

-Яг тийм. Төсвийн мөнгө харахгүйгээр хувийн хэвшилд байгаа нөөц боломжуудаа ашиглаж хэрэгжүүлснээрээ давуу талтай. Бид борлуулалт дээр ч анхаарсан.  Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулж буй бүх банкуудтай урьдчилсан хэлэлцээр хийгээд найман хувийн зээл олгоход уян хатан хандахыг уриалсан. Заавал 30 хувийн урьдчилгаа гэлтгүйгээр иргэд маань 10 хувийн урьдчилгаагаа өгөөд шинэхэн байрандаа орсон. 2016 он гэхэд бүх байр маань зарагдаад дуусчихсан.

-Мөн “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөр маш амжилттай болсон.  Тийм ээ?

-Манай улсын хувьд архидалтын асуудал их хүнд байгаа.  Судалгаагаар иргэдийн ажилгүйдэл, ядуурлын 28 – 30 хувь нь архидалтаас шалтгаалсан байдаг.  Үүнийг л таслан зогсоохгүйгээр цааш явах маш хэцүү. Харамсалтай нь төр засаг анхаарахгүй, зөнд нь хаячихаад байна. Харин би Хэнтийд ажиллахдаа анхаарч чадсан. Нэгдүгээрт ард иргэдийн ая тухтай орчинг хангах, ядуурлыг бууруулах, хоёрдугаарт орон нутгийн гэмт хэргийн тоог бууруулах, гуравдугаарт иргэдээ ажилтай, орлоготой байлгана гэсэн үүднээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Эхлээд бүх сумдын архины хамааралтай иргэдийн судалгааг хийхэд 1000 гаруй хүн байсан юм. Тэднийгээ эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарч эмчилгээ, засалд хамруулж эхэлсэн. Хөнгөн хэлбэрийн хамааралтай иргэдийг сэтгэл заслын эмчилгээгээр, хүндэрснийг нь код эмчилгээгээр эмчилж, эрүүлжүүлсэн. Маш сайхан үр дүнгүүд гарсан. Гэмт хэрэг, зөрчлийн тоо жил дараалан 50, 50 хувиар буурч байсан.  Малын хулгай 70 хувь буурсан.

-Малчиддаа чиглэсэн ямар ажлын зохион байгуулсан бэ?

-Манайх өвөг дээдсээсээ уламжилж ирсэн нүүдлийн аж ахуйгаа хадгалсаар байгаа дэлхийн цөөхөн орнуудын нэг. 1990 оны ардчиллын нэг том ололт бол ард түмнээ өмчтэй болгосон, малыг малчдад нь хувьчилж өгсөн явдал. Мал хувьчилснаас хойших 30 гаруй жилд Монголын мал сүрэг ихээр өслөө. Социализмын үед 15 орчим сая толгой малтай байсан бол одоо 70 орчим сая малтай болжээ. Гучин жилийн өмнөхөөс малчдын амьдрал сайжирсан. Нөгөө талаар бэлчээр муудаж байгаа нь том асуудал болсон. Малчид нэг нэгнээсээ бэлчээр нутгаа харамлах, маргалдах асуудал хөдөө орон нутагт түгээмэл байна. Тэгэхээр тоо хөөдөг цаг биш, чанарын хойноос явах хэрэгтэй. Бэлчээрийн тал дээр зөв зохистой менежмент, шийдвэрүүд шаардагдаж байна. Малчид маань махаа зах зээлд борлуулаад, мөнгөө эргэлтэд оруулж, амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн оронд бэлчээрээ доройтуулаад л гаднаа аль болох олон малтай харагдахыг хүсдэг хуучны байдлаасаа салахгүй байна. Тиймээс “Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ТББ  байгуулаад ажиллаж байна.  Малынхаа зарим хэсгийг эргэлтэд оруулаад, чанартай цөөн малаа авч үлдэх шаардлагыг харгалзан үзсэн.

Ер нь 1990-ээд онд манай аймгийн мал аж ахуй нэг сүрхий хямарч 3500-гаад малчин өрх, 6900-гаад малчинтай болсон. Түүнээс хойш эргээд сайжирч 2000-аад оноос хойш ерөнхийдөө  өнөөдрийн үзүүлэлтийн түвшинд явж байгаа. Нийт малын 50 хувь нь хонин сүрэг. Адуу, үхэр өсгөхөд бас хамгийн таатай нутаг. Энэ утгаараа уугуул малчдаас гадна өөр аймгийн малчид, малтай хүмүүс Хэнтийд их төвлөрдөг нэг онцлогтой. Өөрөөр хэлбэл “Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжих бүх нөхцөл боломж манай аймагт бий. Сул тал гэвэл бэлчээрийн даац ихэдсэн. Энэ асуудлыг зөв зохистой шийдэхэд “Чинээлэг малчин” хөтөлбөр харин ч дэм өгнө.

-Та эдийн засгийн тооцоо хийсэн үү?

-Тийм ээ. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр малчдын орлого гурав дахин нэмэгдэх тооцоо судалгаа байна. Гурван жилд олдог орлогоо нэг жилд олно гэсэн үг. Малчин өрхийн орлого нэмэгдэнэ гэдэг чинь зөвхөн тэр айл төдийгүй тэднээс хамааралтай бүх хүний амьжиргаанд эерэгээр нөлөөлнө гэсэн үг.

Манай Хэнтий аймаг таван сая толгой малтай. Жилдээ арван хувийг зах зээл дээр борлуулаад, эдийн засгийн эргэлтэд оруулна гэвэл 500 мянган толгой мал борлуулна гэсэн үг. Хониор бол арван мянган тонн мах бэлдэх нөөц. Арван мянган тонн махыг дотоодынхоо ханшаар 10 мянган төгрөгөөр борлуулна гэвэл жилдээ 1 тэрбум төгрөгний борлуулалтыг Хэнтий аймгийн малчид хийж байгаа хэрэг шүү дээ. Зөвхөн нэг аймгийн малчид жилдээ ийм хэмжээний хөрөнгийг хөнгөхөн босгоод ирэх чадалтай. Үүнийг 21 аймгаар хэрэгжүүлэх юм бол 2.1 их наяд төгрөгийг бид зүгээр л мал аж ахуйн нөөцөөр олох боломжтой нь харагдана. Энэ нь улсын төсвийн 28 хувь болж байна. Байгаль дэлхийгээ сэндийлэх уул уурхайг бид шүтээд байна. Уул уурхайтай тэнцэх хэмжээний хөрөнгийг жилдээ аравхан хувийг нь эргэлтэд оруулахад бид мал аж ахуйгаасаа олж болно. Төрийн бодлогоор дэмжээд, экспортын махны үнийг жаахан өсгөөд өгвөл энэ 2.1 их наяд төгрөг гурав, дөрвөн их наяд болон хэд дахин өсч болно. Монгол орны мал аж ахуйн салбар нь эдийн засгийн ямар их нөөцтэй байгаа гэдэг нь эндээс харагдаж байна.

-Одоогоор үүнийг хэрэгжүүлсэн газар байгаа юу?

-Говьсүмбэр аймаг байна. Өмнөх жил хургыг амьдын жингээр нь 35-40 кг болгож, “Мах маркет” компанид нийлүүлсэн. “Мах маркет” компани нь Арабын улсуудад махаа гаргасан ийм туршлага бий. Манай аймаг л гэхэд арван тонн мах бэлтгээд бусад улс руу экспорт хийх нөхцөл боломж  байгаа. Хувийн хэвшил, бизнесийн байгууллагууд нь гадаад харилцаагаа өөрсдөө зохицуулна. Дээр нь төр дэмжээд өгөх хэрэгтэй. Чинээлэг амьдрах боломж малчдын маань гарт байна. Малын тоо толгойг биш, чанар өгөөжийг эрхэмлэснээр малчдын ачаалал буурч, амьдралын чанар сайжирна. Эцэстээ Монгол л хожно. Ер нь бол нэг малчин өрх мянга хүрэхгүй тоо толгой малтайгаар жилдээ 200-300 сая төгрөгийн орлого олох боломжийг л энэ хөтөлбөр санал болгож байгаа юм.

-Малчид маань төр засагтаа итгэж байна. Сая гэхэд ноолуурыг 105 мянгаар авна гэж төр засаг нь мэдэгдсэн. Гэсэн ч хэрэгжсэнгүй…

-Ноолуурын асуудал их харамсалтай зүйл боллоо. Зүүн гурван аймагт хамгийн чанартай ноолуур бэлтгэгддэг. Гуравдугаар сард ченжүүд 85 мянгаар авч байсан. Гэтэл улсаас 105 мянгаар худалдаж авна гээд хүлээлгэж хоёр сар гаруй хугацаанд ноолуурыг нь хадгалуулсан. Малчид маш их бухимдаж байна.  Ноолуур, мах хоёр малчдын орлогынх нь гол эх үүсвэр. Өр зээлээ түүгээрээ л төлдөг. Хүлээлгэж, хүлээлгэж сүүлдээ 65 мянган төгрөгөөр худалдаж авлаа. Тэгэхдээ бүр сайныг нь 65-аар, хялгастайг нь 40, 30 мянган төгрөг хүртэл буулгаж авсан.

-Хэнтий аймагт аялал жуулчлалын бүтээн байгуулалтын ажлууд нэлээд хийгдэж байна.  Та Засаг даргаар ажиллаж байхдаа ямар бодлого хэрэгжүүлж байв?

-Гадныхан монголчууд гэхээр л Чингис хаан гэж ойлгодог шүү дээ. Бид өвөг дээдсийнхээ нэрээр аялал жуулчлалаа хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Монголд жилдээ 400 мянган жуулчин ирж байгаа. Энэ жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, тэр тусмаа эзэн Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймгийнхаа түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр 2012- 2016 онд ажилласан. Чингис хааны түүхэн цогцолборыг барьж байгуулах ажлыг эхлүүлж байлаа.  Аялал жуулчлал бол Хэнтий аймгийн гол салбар байх болно. Тиймээс ойрын болон хэтийн төлөвлөгөөндөө аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг түлхүү тусгасан. Эхлээд дэд бүтэц, зам харгуйн асуудал тавигдана. Тэгээд үзүүлэх юм, зочид буудал, үйлчилгээний газар, зочдод зориулсан урлаг соёлын үйл ажиллагаанууд гээд олон талыг анхаарч ажиллаж байгаа. Манай аймаг сайхан байгаль, түүх дурсгалтай учир аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.29  БААСАН № 106, 107 (6331, 6332)

Т.БАТСАЙХАН

Мэдээг үнэлэх
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Leave a Reply

avatar
  Subscribe  
Notify of

Холбоотой мэдээ

Ж.Оюунбаатар: Ноолуурын асуудал их харамсалтай зүйл боллоо. Сайныг нь 65 мянга, хялгастайг нь 40, 30 мянган төгрөг хүртэл буулгаж авсан

Хэнтий аймгийн Засаг дарга асан  Ж.Оюунбаатартай ярилцлаа. -Та аймгийн Засаг даргаар ажилла

2020-05-31